Монгол-Японы Бизнес эрхлэгчдийг холбох B2B уулзалт боллоо

Япон улсын хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр байгальд ээлтэй, хүлэмжийн хий бага ялгаруулдаг техник, технологи, бүтээгдэхүүнийг Монгол улсад нэвтрүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх өргөн боломж, бололцоо хувийн хэвшлийн байгууллагуудад байна.

ecfund

Монгол, Япон хоёр улсын Засгийн газар хоорондын Нүүрстөрөгч Багатай Хөгжлийн Түншлэлийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсад хэрэгжиж байгаа Хамтарсан Кредит Олгох Механизм (ХКОМ)-ын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжуудын талаар мэдээлэл өгөх, хоёр талын бизнес эрхлэгчдийг хооронд нь холбох уулзалт 2018 оны 11 сарын 7-ны өдөр боллоо. Уулзалтыг Байгаль Орчин, Аялал Жуулчлалын яам, Япон улсын Байгаль Орчны яамны харъяа байгууллагууд, Байгаль Орчин, Уур Амьсгалын сангийн дэргэдэх Уур Амьсгалын Өөрчлөлтийн Төсөл Хэрэгжүүлэх Нэгж болон Монголын Бизнесийн Зөвлөл хамтран зохион байгууллаа.

Монгол улсад 2013 оноос хойш хэрэгжиж байгаа энэхүү механизмын санхүүжилтийн хүрээнд судалгааны төслүүд хэрэгжиж ирсэн бөгөөд одоогийн байдлаар сэргээгдэх эрчим хүчний 8 төсөл, эрчим хүчний хэмнэлтийн 3 төсөл тус тус хэрэгжин явж байна. Тус механизмыг хүлэмжийн хийг ихээр ялгаруулдаг 15 салбарт хэрэгжүүлэх боломжтой.

Япон улсын хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр байгальд ээлтэй, хүлэмжийн хий бага ялгаруулдаг техник, технологи, бүтээгдэхүүнийг Монгол улсад нэвтрүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх өргөн боломж, бололцоо хувийн хэвшлийн байгууллагуудад байна.

ecfundМеханизмын хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх гол шалгуурын нэг нь заавал Япон талын хуулийн этгээдтэй хамтран хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд энэ тал дээр Монгол талын байгууллагуудад Япон талын хамтрагч олоход хүндрэл бэрхшээлтэй байна. Ийм учраас ХКОМ-ын хэрэгжилтийг хангах, чадавхийг бэхжүүлэх, төсөл хөтөлбөрийн тоог нэмэгдүүлэх зорилготойгоор энэхүү уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтанд Япон талаас Японы Байгаль Орчны Яам болон ХКОМ-ын хэрэгжилтийг хангах зорилгоор ажилладаг харъяа байгууллагуудын төлөөлөл, Японы бизнес эрхлэгч байгууллагууд, Монгол улсын талаас 40 орчим аж ахуй нэгж, байгууллагууд оролцлоо.

БОАЖЯ-ны харьяа Байгаль орчин, уур амьсгалын сан