“Ойн хомсдол, доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөр” хэлэлцүүлэг боллоо

Энэхүү хэлэлцүүлгээр ойн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл хамтран 2019 онд хийж, хэрэгжүүлэх ажлын талаар ярилцаж байна.

ecfundМонгол улсын Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр "Ойн хомсдол, доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөр"-ийг баталсан бөгөөд энэхүү хөтөлбөрөөр 2030 он гэхэд ойгоор бүрхэгдсэн талбайг 9 хувьд хүргэх зорилтыг дэвшүүлсэн. 

ecfund

БОАЖЯ-ны ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа: "Дэлхийн нийтийн хандлага эрчимтэйгээр өөрчлөгдөж ОЙЖУУЛАХ гэдэг нь тухайн нэг салбарын асуудал бус, ойн салбарыг боловсронгуй болгосноор иргэд ашиг тусыг нь жигд хүртэх, мөн олон талт судалгаануудыг хийх ажлын шаардлага гарч ирж байна. Үүнтэй зэрэгцэн ойн хомсдол, доройтлоос үйдэлтэй хүлэмжийн хийг бууруулах ажлыг 2 жилийн хугацаанд хэрэгжүүлээд дууслаа. Энэ нь уг үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил болж, өнөөдрийн хэлэлцүүлэг явагдаж байна.

Энэ хөтөлбөрийн хүрээнд ойн хомсдол, доройтолд хүргэж байгаа 10 хүчин зүйлсийг жагсааж тодорхойлсон бөгөөд эхний гуравт нь ойн түймэр, ойн хөнөөлт шавьж болон хууль бусаар мод бэлтгэл зэрэг нь гол шалтгаан юм. Тиймээс бидний дараа дараагийн үйл ажиллагаа үүнд чиглэгдэж ажиллахаар хэлэлцэгдэж, энэхүү хөтөлбөрт тусган ажиллахаар болж байна.

Сүүлийн үед иргэд, аж ахуй нэгжүүд мод тарих ач холбогдлыг ойлгосон, энэ талаар ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа нь маш чухал юм. Иймд бодлогын хувьд тухайн нутаг дэвсгэрт тохирсон тарьц, суулгацын мэдээллийн нөөцийг нэмэгдүүлэн ажиллаж, уг мэдээллийн мөрөөр иргэд, аж ахуй нэгж моджуулах ажилд үр дүнтэйгээр гар бие оролцох бололцоо нэмэгдэж байгаа. Ой моджуулах ажлын хүрээнд төсөв мөнгөний хувьд дотоод нөөц боломжоо ашиглахаас гадна хүлэмжийн хийг бууруулах Олон улсын хөтөлбөрт хамрагдаж, мөн ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлснээр Монгол улсын хэмжээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах болон шингээлтийн балансыг барьж үр дүнг тайлагнаснаар донор орнуудаас хөрөнгө оруулалтыг татах бололцоо нэмэгдэх юм."

Ойн асуудал бол зөвхөн тухайн салбарын асуудал бус Монгол улсын иргэн бүрийн эрүүл орчинд тайван амьдрахад маш чухал ач холбогдолтой тул бүх талуудын оролцоотой байж амжилтанд хүрэх билээ. Ойн хомсдол, доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөр нь энэ бүхнийг багтаасан, нарийвчлан авч үзсэн байна.

Энэ удаагийн хэлэлцүүлэгийн хувьд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцож үндэсний хөтөлбөрийн хүрээнд ямар ажлыг хэрхэн хийж хэрэгжүүлэх талаар өөрсдийн санаа бодлыг илэрхийлж нэгдсэн төлөвлөгөө гаргаснаар энэхүү үндэсний хөтөлбөрийн үр дүн гарахад тал бүрийн оролцоо хамгийн чухал гэдгийг онцоллоо.

Ойн хомсдол, доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөр /нөхцөл байдлын шинжилгээний тайлан/-г ЭНД дарж үзнэ үү.

Ойн тогтвортой менежментийн үндэсний хөтөлбөрийг ЭНД дарж үзнэ үү.

БОАЖЯ-ны харьяа Байгаль орчин, уур амьсгалын сан